“Хотын нийтийн тээврийн талаар хэдэн санал”

Монгол улсын хувьд захийн зээлийн эдийн засагт шилжснээс хойш иргэд үндсэн харъяалалдаа оршин суух тухай өмнө нь баримталж байсан хатуу бодлогоо шинэ үндсэн хуулиараа өөрчилж иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй оршин суух эрхийг зааж өгснөөр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн, шилжилт хөдөлгөөн миграци эрчимтэй өссөөр байгаа билээ. Одоогоор нийт хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа нь олон хүндрэл, бэрхшээлүүдийг бий болгож байгаа билээ. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл гэх мэт суурьшмал хотын асуудлууд үүсч иргэдийг бухимдуулсаар байгаа нь үнэн юм. Нийслэлчүүдийг багагүй бухимдуулдаг, сайжруулах ёстой ажлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ юм. Зорчигчидоо булаалцалдан давхилдах, ид замын ачааллын үеэр 1-р эгнээг өгсөн ч үл багтаж чадах галт тэрэг мэт урт дараалал үүсгэсэн олон автобуснуудыг бид өдөр бүр харж байдаг. Автобусны буудал дээр бие биеээсээ өрсөх болон зорчигчидоо буулгах, суулгах гэж 1,2-р эгнээнүүдийг давхарлан хаах, эргэх зэрэг нь замын хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвараас ирэх машинуудыг хааж түгжрэлийг улам нэмж байдаг.  

Зураг 1. Замын ачаалал, урт дараалал, эгнээ давхардан хөдөлгөөнд орж байгаа байдал
Эдгээр хүндрэлүүдийг алга болгох, эс бөгөөс ядаж бууруулах талаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болсонг олон хүмүүс хэлдэг. 2014 оны байдлаар УБ хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2500 гаруй тээврийн хэрэгсэл, 140 гаруй чиглэлд жилдээ 236,0 сая зорчигч тээвэрлэдэг гэжээ (http://www.transport.ub.gov.mn/). Эндээс мянга гаруй том оврын автобус өдөр бүр үйлчилдэг. Нийтийн тээврийг сайжруулах талаар олон арга хэмжээ авна, цахим картны системд 4 сарын 1-нээс (http://zasag.mn/m/ulaanbaatar/view/6749 ) хэрэгжинэ гэсэн ч одоо болтол ийм зүйл байхгүй байгааг харж болно. Мэдээж үүнийг хийхийн тулд бэлтгэл ажлаа маш сайтар хангах ёстой байх. Энэ салбарт холбоотой бас нэг сонирхол татах мэдээ байсан нь 18 метрийн урт 120 хүний багтаамжтай 20 ширхэг автобусыг энэ онд явуулж эхлэнэ хэмээн ярьжээ (http://trafficpolice.gov...s/content/id/723/type/33 ).  Цахим карт, урт автобус гэсэн энэ хоёр мэдээн дээр л дөрөөлж өөрийн саналаа бичих гэсэн юм. Хэрэв урт автобус орж ирээд үйлчилгээнд явж эхлэхэд дараа бэрхшээлүүд гарах болов уу, урт учир эргэлт уулзвар дээр хүндрэлтэй, эргээд энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж түгжрэл нэмэх болно. Гэвч бага эргэлт хийхээр зохицуулах боломж байна, Энхтайвны өргөн чөлөө дагуу зөвхөн энэ 18м урт автобусыг явуулах. Офицеруудын ордоноос Таван шарын буудал хүртэл гэсэн маршрутаар. Харин бусад том оврын автобуснуудаа босоо чиглэлд явуулах. Доорх зураг 2-т харуулсанчилан жишээ авав, шар өнгөөр тэмдэглэсэн, улаан өнгө Энхтайвны өргөн чөлөө. Хэрэв ингэх юм бол автобуснууд хоорондоо зорчигчдын төлөө уралдах, буудал дээр давхарлах, урт дараалал үүсэх гэсэн хүндрэлүүд буурч мэдэх юм.


Зураг 2. УБ орчмын зүүн хэсэг хөндлөн босоо чиглэл
Зураг 3. Урт автобусны жишээ

Одоо байгаа маршрутуудыг харахад ихэнх чиглэлийн автобуснууд хотын төв, Энхтайвны өргөн чөлөө рүү бүгд орж ирдэг. Тухайлбал хотын зүүн хэсгийн тээврийн хэрэгсэлүүдийн маршрутуудаар жишээ авав (http://www.ulaanbaatar.m...-bus/d/%D0%9C/b/90#stpnt ). Та бүхний зураг 4-10-т харж байгаачилан хотын баруунаас зүүн тийших бүхий л чиглэл ямар нэг байдлаар Энхтайвны өргөн чөлөөгөөр дайрч байгааг анзаарч байгаа байх, магадгүй энэ чиглэл маршрутууд дээрх галт тэрэг мэт урт автобусан цуваа үүсгэх бэрхшээлүүдийг үүсэхэд нөлөөлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал зүүн чиглэлээр жишээлэхэд Шархад, Улаанхуаран, Ботаник, Чулуун Овоо, Налайх, Гачуурт гэсэн чиглэлийн автобусуудын Энхтайвны өргөн чөлөө хүрэх эцэс нь Офицеруудын ордон бөгөөд эндээс буцан эргэлт хийнэ. Мэдээж ингэхэд гарах хүндрэл бол тасалбар, мөнгөний асуудал, жишээ нь иргэн Бат Шархаднаас 3-р хороолол орох болоход дамжих шаардлагатай болж, 1500 төгрөг өгөхөд хүргэж байна. Яг энэ асуудлыг өнөөх хэрэгжүүлэх гэж байгаа цахим картаар шийдэж өгвөл ямар нэг хүндрэл, гомдол гарахгүй болно.
Зураг 4. Улаанхуаран М-1 чиглэлийн маршрут
Зураг 5. Улиастай М-14 чиглэлийн маршрут
Зураг 6. Шархад М-13 чиглэлийн маршрут
Зураг 7. Таван шар - Офицер М-27 чиглэлийн маршрут
Зураг 8. Улаанхуаран – 10-р хороолол М-35 чиглэлийн маршрут
Зураг 9. Толгойт – Ботаник М-41 чиглэлийн маршрут
Зураг 10. Чингэс Соосэ – Офицер М-46 чиглэлийн маршрут

Мөн түүнчлэн зөвхөн Энхтайвны өргөн чөлөөгөөр нийтийн тээврээр үйлчлүүж байгаа иргэдийн тоо болон одоо явж байгаа автбус, үйлчлүүлэгчидийн тоог нарийвчилан гаргаж урт автобустай уялдуулан судлах, урт автобусны явах зам, хурд, эргэлтийн тоог тодорхойлох, нэг эргэлтэнд (рэйс) хэдий тооны зорчигч үйлчлүүлэх багтаамжийг тооцоолох, цагийн хуваарь гэх мэт олон судалгааг гүнзгийрүүлэн судалж, техник эдийн засгийн үндэслэл гаргаж авах нь дээрх ажлыг илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгож өгөх юм. Нэг сая 300 мянга гаруй хүн амтай, өдөрт 450 мянга гаруй тээврийн хэрэгсэл авто хөдөлгөөнд оролцдог метрополитан хэмээгдэх хотод амьдарч байгаа бид бүхэнд аюулгүй, найдвартай, тогтмол цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ, түгжрэл багатай замын хөдөлгөөн нэн тэргүүнд хэрэгтэй байгаа билээ. Хэрэв нийтийн тээвэр нь тогмтол, найдвартай, цагийн хуваарийн дагуу, дээр нь цахим карт, тасалбар, гар утасаараа нэвтрэх гэх мэт ухаалаг технологиудыг  ашиглан энгийн шуурхай үйлчилж чадах юм бол олон иргэдийн автомашины өдөр тутмын хэрэглээ багасч, замын ачаалал буурахад нөлөөлөх болно. Мөн автобусны буудал дээрх маршрут чиглэлийн мэдээлэл, цагийн хуваарь, дараагийн автобус хаана явж байгааг харж болох электрон самбаруудыг байрлуулж өгөх хэрэгтэй. Одоогоор буудлуудын өнгө төрх нэг үеээ бодвол сайжирсан ч ямар ч мэдээлэл, самбар байдаггүй, иргэд өөрийн авъяасаар хурдтай ирж яваа автобусны самбарыг унших гэж дагаж гүйх, хэн нэгнээс “тийш хүрэх үү” хэмээн асуух, автобусны хаалгаар кондуктор цухуйж чиглэлээ хэлэн орилох гэсэн байдалтайгаар үйлчлүүлж байна. Харин саяхнаас зарим буудлууд дээр самбар тавигдсан байгаа нь сайшаалтай (зураг 11-г үз), гэвч учир дутагдалтай байсаар байна. Улаанбаатар хотын иргэн хүний хувьд нийтийн тээврийн талаар зарим нэг санал бодлоо илэрхийлсэнийг та бүхэн тунгаан болгооно уу.

Зураг 11. Автобусны буудал дээрх самбар

Comments

Popular posts from this blog

“Арын Гудамжны Залуус”-ыг үзсэн минь

Алтан цэцгийн хараал киноны талаарх цөөн үгс

Төрсөн сараар зан аашыг шинжлэхүй